Ч. Номин: "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн

Улс төр

Улсын төсвөөс 32 тэрбум төгрөгөөр баригдах гэж байгаа "Богд Зонхова" цогцолбортой холбоотой шүүмжлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд өрнөсөн. 

Иргэдийн хувьд "цар тахлаас үүдэлтэй эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хөшөө барихаас өөр хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй" гэх байр суурийг илэрхийлээд байсан юм. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хаягаар дамжуулан энэ цогцолбортой холбоотой тайлбар өгсөн байна. 

Тэрээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна" гэжээ.