Барууны удирдагчид тусгаар улс орны нутаг дэвсгэрт халдлаа гэж үзэж байгаа юм

Улс төр

Барууны улс орнууд ОХУ-ын Украины эсрэг явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг эрс шүүмжлэн буруутгаж байна. Барууны удирдагчид Москва Киевийн эсрэг цэргийн ажиллагаа, халдлага дайралт явуулснаараа Украины газар нутагт халдан довтолж, олон улсын хууль эрхзүйг ноцтой зөрчиж, тусгаар улс орны нутаг дэвсгэрт халдлаа гэж үзэж байгаа юм. 

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улсынхаа иргэдэд хандан хийсэн мэдэгдэлдээ:

-Бид ямар ч эргэлзээгүйгээр Украины талыг дэмжиж байна. Бид Украин улсын тусгаар байдал, хилийн аюулгүй халдашгүй байдал болоод Европын хамтрагчдын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө баттай зогсох болно. Өнгөрсөн шөнө Европын түүх, манай улс орны хувьд эргэлт авчирсан цаг үе байлаа. Харамсалтай нь үүнээс гарах үр дагавар илүү удаан хугацаанд үргэлжилж, бидний амьдрал, Европ тивийн геополитикийн хувьд сөрөг үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм...  гэжээ. 

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц Оросын талаас Украины эсрэг явуулсан цэргийн ажиллагааг олон улсын хуулийг зөрчсөн явдал гээд 2-р сарын 24-ний өдөр Украин улсын хувьд, мөн Европ тивийн хувьд хараар бичигдэх аймшигтай өдөр болон хувирлаа. Украин руу цэргийн хүчнээ илгээн, тусгаар улс орны газар нутаг руу халдан довтолсноор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчлөө. Путин Украины нутаг дэвсгэр лшш халдан довтолсноор хөрш улс орныхоо ард иргэдийг аюултай байдалд орууллаа. Москвагийн үйлдэл улс орны хил, тусгаар байдлыг зөрчөөд зогсолгүй, мөн Украины гэм зэмгүй иргэдийн амь насыг аюулд оруулж, Европ тивийн аюулгүй тогтвортой байдлыг эвдлээ гэжээ. Энэ бол бидний дайн биш, энэ бол Путины өдүүлсэн дайн... гэжээ. 

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ОХУ-ын талыг дайсагнасан үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж: -Бид Европын Холбоотон улс орнуудын хамтаар Оросын эсрэг эдийн засгийн хатуу арга хэмжээ авах болно. Бид Оросын нефть, байгалийн хийн хамаарлаас ангижрах нэгдсэн бодлого чиглэл боловсруулах болно. Чухам стратегийн энэхүү хамаарал Путинд Барууны улс төрийн бодлогыг тэргүүлэх, хяналтандаа байлгах боломж олгож байсныг бид таслан зогсоох болно. Бид Оросын талтай дипломат, улс төрийн, эдийн засгийн, цэрэг батлан хамгаалахын бүхий л салбарт харилцаагаа эргэн харах болно гэжээ.