Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 4-р сарын 10-ны өдрөөс хязгаарлана

Улс төр

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна гэж заасан байдаг.

Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргадаг. Энэ мэдээлэл бэлэн болсон гэдгийг УБЕГ-аас мэдэгдлээ. Иргэдийн бүртгэлийг цахим мэдээллийн санд үндэслэн хийх юм. Ингэхдээ УБЕГ-аас сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, давхардлыг арилгах, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй юм. Тиймээс иргэдийг өөрийн мэдээллээ шалгаад алдаа дутагдал байвал холбогдох байгууллагад хандан засуулахыг албаныхан санууллаа. Мөн сонгуулийн тухай хуульд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарлах тухай заалт байдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн тухайд 4 сарын 10-ны өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор болжээ. Тиймээс шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлтэй иргэдийг 4 сарын 9-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө амжуулахыг зөвлөлөө.