Тендер будлиантуулсан төрийн алба хаагчийг ажлаас халдаг байхаар шийдвэрлэлээ 

Засгийн газар

Хууль зөрчиж тендер будлиантуулдаг төрийн алба хаагч нарт хариуцлага тооцох зохицуулалт манай улсад дутмаг байж ирсэн. Үүнийг дагаад төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажилд тендер тойрсон маргаан тасардаггүй. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хууль зөрчсөн төрийн алба хаагчиийг тендер шалгаруулалтад оролцуулахгүй байх, ажлаас халах арга хэмжээ авдаг болохоор шийдвэрлэлээ. Харин нөгөө талд Тендерийн хууль зөрчсөн аж ахуй нэгжийг эцсийн эзэмшигчийн хамт хар жагсаалтад багтаадаг болж байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 717 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж төсвийг нь баталсан. Засгийн газар төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж тендер сонгон шалгаруулалтыг шуурхай явуул гэх чиглэлийг өнөөдрийн хуралдаанаар өгсөн байна. Гэхдээ тендерт аль болох хүний оролцоог багасгаж цахим байдлаар олон нийтэд ил явуул гэжээ. Энэ хүрээнд тусгайлсан журам гаргаж тендер будлиантуулсан төрийн алба хаагчийг халах, дахин сонгон шалгаруулалтад оруулахгүй байх зэрэг хариуцлагын асуудлыг тодорхой тусгаж өглөө.

Ерөнхий сайдын зүгээс худалдан авах ажиллагаа тендертэй холбоотой асуудлуудыг хавар гэхэд дуусгаж 4-р сарын нэгнээс улсын төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтуудыг эхлүүл гэдэг чиглэл өгчээ.

Одоогоор шинээр эхлэх 717 төслийг 93-ых нь тендер зарлагдаад байна. Өнгөрсөн оны энэ үед ердөө ганц тендер зарлагдсан байжээ.