Ерөнхий сайд агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй гэж үзэн БОАЖЯ-ны удирдлагуудыг огцрууллаа

Засгийн газар

Нийслэлийн утаа эрс нэмэгдсэнтэй холбоотой салбар хариуцсан яам муу ажиллаж байна гэж засгийн газрын тэргүүн үзлээ. Улмаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн нийслэлийн агаарын бохирдлын асуудал хариуцсан зарим албан тушаалтанг ажлаас нь чөлөөллөө. Байгаль орчны сайдад хариуцлага тооцсонтой холбоотой Улаанбаатарын утааг бууруулж чадах дараагийн сайд хэн бэ гэдэг асуулт олон нийтийн дунд хөвөрч байна. Эрх баригч намын удирдах зөвлөл цахимаар хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа Бат-Эрдэнийг томилохыг дэмжлээ.

Улсын нийт хүн амын тал амьдардаг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ онд огцом нэмэгдэж иргэдийн шүүмжлэл ч өрнөөд байгаа.  Харин үүнд ажил хариуцсан хүмүүс нь хайнга хандсан, албан үүргээ биелүүлээгүй гэж үзэн Ерөнхий сайд БОАЖ-ын сайд Уртнасанг албан тушаалаас нь чөлөөлөө. Мөн тус яамны дэд сайд Батболд, төрийн нарийн бичгийн дарга Ганболд нарыг сайдынх нь хамт үүрэгт ажлаас чөлөөллөө. Мөн Ерөнхий сайдын зүгээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт үүрэг өгч агаарын бохирдлыг бууруулах ажилд дорвитой ажил хийгээгүй нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт мөн хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөллөө.