“Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал боллоо

Засгийн газар

Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдөр маргааш тохионо. Түүхэн энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, удирдлагууд нэгдсэн хурлаа хийсэн байна. Баяр гэхээсээ илүү Монголын зэвсэгт хүчний хүчирхэг байдал, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцжээ.

Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр  тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж байна. 

Батлан хамгаалах салбар өнгөрөгч оноос “Үйлдвэрлэгч”, “Бүтээн байгуулагч” байх зорилтыг дэвшүүлж, Зэвсэгт хүчний инженер-техникийн ажилтнуудынхаа хүчээр зарим төрлийн байлдааны болон хөнгөн хуягласан, тусгай зориулалтын техникүүд, нисгэгчгүй нисэх хэрэгсэл болон богино долгионы дунд чадлын радиостанцыг амжилттай зохион бүтээж, ашиглаж эхлээд байна. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин шинэ зууны эхэнд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг бүрэн хангаж, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.