Л.Оюун-Эрдэнэ: Мах, гурил, шатахуун нөөцөлнө, их хэмжээний валют улсаас гаргахгүй

Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд яг хоёр сарын дараа хэвлэлийнхний өмнө гарч ирэн мэдээлэл хийлээ. Энэ удаад Засгийн газрын тэргүүний онцолсон сэдэв өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, мөн олон улсын нөхцөл байдлын сөрөг нөлөөнөөс хэрхэн улс орноо хамгаалах гэж байгаа талаар мэдээллээ. Дайн дажинаас үүдэн дэлхий даяар хүнд нөхцөл туулж, Монгол Улс ч үүнийг хохирол багатай тойрох арга зам эрэлхийлж байхад дарга цэргийн суудлын төлөө зүтгэсэн зарим улстөрчид далчигнаад хэрэггүй гэдгийг Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ хэллээ.

Сүүлийн хэдхэн сарын дотор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, цаашдаа ч 64-70 хувиар нэмэгдэх прогноз гарч байна. Дээр нь дайн тулаанаас үүдэн улаанбуудайн үнэ 45-50 хувиар нэмэгджээ. Энэ байдал нь хэдхэн сарын дотор дэлхийд хүнсний хомсдол бий болгож, ойролцоогоор 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх өндөр эрсдэл үүсгэж байгааг Нэгдсэн Үндэсний Байгууллагаас  анхааруулж байгаа юм. Энэ нөлөө Монгол Улсыг хүнд шоконд оруулж мэдэх учраас засгийн газар урьдчилан сэргийлж хуулийн төсөл боловсруулсан байна. Энэ хуулиар Монгол Улс шатахуун, гурил, махны нөөц бүрдүүлэхээс гадна бусад бэлэн байдлаа бүрэн хангах, мөн яаралтай шийдвэр гаргахын тулд зарим эрх мэдлийг засгийн газарт төвлөрүүлэх зохицуулалтуудыг багтаажээ. 

Олон улсын нөхцөл байдал болон манай улсын экспортын хэмжээ эрс багассаны улмаас валютын ханш чангарсаар байна. Дайн тулаанаас гадна их гүрнүүдийн эдийн засгийн өрсөлдөөн дээд цэгтээ тулж бүх гүйлгээ рубль руу шилжиж байгаа нь нөхцөл байдлыг улам  ч муутгажээ.

Өнөөдрийн байдлаар Төв банк болон валютын хар зах дээрх ханш хол зөрүүтэй хоёр өөр болоод байгаа юм. Тийм учраас 3.2 тэрбум долларын нөөцтэй байгаа манай улс цаашдаа валютын нөөцөө дундлахгүйн тулд энэ хуулиар мөн зохицуулалт хийхээр зорьжээ. Ингэхдээ Улсын Их Хурлын харьяанд байдаг Монголбанкийг Засгийн газартай хамтран ажиллаж шууд шийдвэр гаргах боломжоор хангах. Мөн их хэмжээний валютыг гадаад улс руу гаргахыг хориглох. Харин хугацаа нь хүлээгдэж байгаа гадаад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацааг наашлуулж валют татах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. 

Амаргүй цаг үеийг туулж байхад сандал суудлын төлөө зүтгэсэн улстөрчид олон байгааг Ерөнхий сайд хэллээ. Тэд Хөгжлийн банк болон бусад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болоход үргэлж саад тээг болдог. Эрдэнэт үйлдвэрийг авсан шиг улстөрч, бизнесийн бүлэглэл өөрсдийн эрх ашгийн төлөө бүхэл бүтэн систем ажиллуулсан хэвээр байгааг ч онцоллоо. Гэхдээ энэ бүгдэд бууж өгөхгүй. Харин хариуг нь барьж, бүгдийг ил болгоно. Хэрвээ төрийн ордон доторх тэмцэл хүч дутвал ард иргэддээ хандана гэдгээ ч Ерөнхий сайд мэдэгдлээ. 

Дотоод болон гадаад нөхцөл байдал ийм байгаагаас гадна коронавируст халдварын нөхцөл байдал хүндхэн байгааг ч онцоллоо. Бүс нутагт дахин нэг давалгаа үүсч мэдэхээр байгаа юм. Тийм учраас дөрөв дэх тун вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд анхаарахаар болжээ. Манай улс коронавируст халдварыг сайн муугаар хэлэгддэг ч Ковидын хуулиар давж гарсан.

Одоо дайн дажинтай, хүнсний хомсдол үүсэж магадгүй гээд ковидоос ч эрсдэлтэй нөхцөл байдлыг засгийн газар өнөөдөр танилцуулсан төлөвлөгөөгөөр даван гарна гэдгийг Ерөнхий сайд онцолсноор хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.  

ШУУД ҮЗЭХ