Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2008 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа Гашуунсухайтын төмөр замыг хувийн хэвшил барих гэж байхад нь зогсоосон, дараа нь Чингис бондын 280 сая доллараар төмөр зам барих ажлыг зохион байгуулсан.
Гэвч далан баригдаад л орхигдсон. Ерөнхийлөгч болсныхоо дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргуулж төмөр зам барих ажлыг “Бодь Интернэшнл” компанид олгожээ. Ингэхдээ төмөр зам барьсан төлбөрийг нүүрсээр төлөхөөр гэрээ байгуулж, гэрээгээ улсын нууцад оруулсан. Нууц гэрээний үнийн дүн одоогийн ханшаар 3-4 их наяд төгрөгөөр тоологдох учраас нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгах ёстойг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.