Улсын Их хурал

Улсын Их Хурлын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх юм байна.  

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа  зургаа дахь хөтөлбөр. Монгол Улсын эрүүл мэндийн хүртээмжийн талаар судалгаа хийхэд 63 хувьтай байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг өрхийн эмнэлэг, Хан -Уул, Чингэлтэй дүүрэг, Увс, Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, 10 аймгийн сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Төслийн хүрээнд эрүүл мэндийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалт, хүний нөөцөө цогцоор нь шийддэгээрээ онцлогтой. Төслийн зорилго нь эмзэг бүлгийн болон алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж, нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад чиглэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариултдаа онцолсон.Иргэд шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ тус тусдаа эмнэлгүүдэд очиж хийлгэдгээс цаг хугацаа, зардал их шаарддаг. Сонгинохайрхан дүүрэгт удахгүй ашиглалтад орох нэгдсэн эмнэлэг нь хавдар, төрөх, нярайн оношлогоо гээд 7 төрлийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр болсон. Монголд ийм цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг  эмнэлэг байгаагүй. Төслийн хүрээнд ийм нэгдсэн эмнэлгийн нэмж байгуулахаар төлөвлөөд байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хариултдаа онцлов. Тэрбээр цаашлаад бусад дүүрэг, алслагдсан аймгийн сумдад ийм эмнэлгүүдийг байгуулснаар иргэд эрүүл мэндийн даатгалаараа харьяа ойрхон эмнэлэгтээ очиж нэг цэгээс шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ хийлгэх боломжтой болно гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.  

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжлээ.