Хятадын эрх баригчдаас блогер Жань Жанийг нэн даруй суллахыг шаарджээ

Үйл явдал

НҮБ, Хятадын эрх баригчдаас интернэтийн орчин дахь нэртэй блогер Жань Жанийг нэн даруй суллахыг шаарджээ. 38 настай эмэгтэй олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, олон дагагчтай болж, идэвхтэй блог хөтөлж байсныхаа төлөө шоронд хоригдож байгаа юм. 

Жань Жань шоронд хоригдох хугацаандаа өлсгөлөн зарлаж, түүний биеийн байдал муудсаар амь нас нь хутганы ирэн дээр очоод байгаа юм. НҮБ-ын шинжээчид Хятадын нэртэй блогерын талаар судлан, түүний биеийн байдал эрс муудаж, тэрээр хөндлөнгийн хүний тусламжгүйгээр толгойгоо ч дааж өргөж чадахгүй байгаа талаар мэдээлжээ.

Тиймээс Хятадын эрх баригчдад хандан нэртэй блогерыг шоронгоос нэн даруй суллаж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэхийг шаардаж байна.

Жань Жань өөрийн цахим хуудсаар дамжуулан коронавирусний халдвар анх дэгдсэн Уханиас лайваар холбогдон мэдээлэл өгч, гудамж талбай, эмнэлэгт болж байгаа явдлыг харуулж байжээ.

Улмаар эмэгтэйг 2020 оны 5-р сард саатуулан, 12-р сард нь олон нийтийг төөрөгдөлд оруулж, эмх замбараагүй байдалд турхирсан хэргээр 4 жилийн хорих ял оноожээ. Ийнхүү хоригдсоноосоо хойш Жань Жань 4 удаа өлсгөлөн зарлаад байгаа юм.