Туркт хүчтэй салхи шуурга дэгдэж, гамшигт үзэгдлийн улмаас 4 хүн золгүйгээр амиа алджээ

Үйл явдал

Туркэд хүчтэй салхи шуурга дэгджээ. Гамшигт үзэгдэл Туркийн Стамбул хотод нүүрлэж, 4 хүн золгүйгээр амиа алдсан байна. 

Туркийн эрх баригчдын мэдээлж байгаагаар хүчтэй салхи шуурганы улмаас 40-өөд хүн гэмтэж бэртсэн байна. Салхины хүч маш их байснаас барилга байшингийн дээвэр хууларч, Стамбул хотод байрлах эртний цагтай цамхаг нуржээ.

Бараг 100 жилийн настай Бешикташе цамхаг хүчтэй салхинд нурж, доор нь байсан машин дээр унасан байна. Түүнчлэн Бурса хотод хүчтэй салхины улмаас мод булгарч, дэргэдүүрээ явж байсан автобусыг дарж, хоёр хүн гэмтэж бэртжээ. Босфорын хоолойд цаг агаарын таагүй байдлын улмаас хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг зогсоож, далайд гарахыг хориглосон байна.

Туркийн Turkish Airlines агаарын тээврийн компанийн хэд хэдэн онгоц хүчтэй салхитай байснаас Стамбулд газардаж чадалгүй Анкара болон Измир хотод буужээ. Хүчтэй салхинд мод бут үндсээрээ булгаран, цахилгааны шонгууд унаж, барилга байшингийн дээвэр хууларчээ.