Улсын Их хурал

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх замаар ял хүлээлгэсэн асуудал олон нийтийг бухимдуулсан. Улмаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хуулийн байгууллагын найман ажилтан эрүүдэн шүүсэн хэрэгт татагдаж холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн наймдугаар сард эхлэсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь Улсын дээд шүүхээс эхлээд бүх шатанд зохион байгуулалттай хэргийг удаашруулж байна гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Тиймээс хэргийг удаашруулж байгаа шүүгчидтэй тэмцэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ.

Олон улсын парламентын холбоо С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүж, хүний эрхийг зөрчсөн гэх дүгнэлт ирүүлсэн. Уг асуудалд санал дүгнэлт боловсруулах түр хороог УИХ-аас байгуулсан. Түр хороо өчигдөр хуралдаж гурван шийдвэр гаргажээ. Үүнд эрүүдэн шүүсэн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргах, УИХ-ын 22 гишүүний гарын үсгийг цуглуулан Б.Хурц нарт холбогдох хэргээр нийтийн сонсгол явуулах, хэргийг удаашруулж байгаа шүүгч нарт харуицлага тооцох улс төрийн тэмцэл эхлүүлэхээр болсон байна.

Эрүүдэн шүүгдсэн гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна хоригдож байгаа Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг өгч гадаад явуулна хэмээн худал хэлж хүн гүтгүүлсэн асуудлыг ч онцгой анхаарах хэрэгтэй гэлээ. Тиймээс дан ганц С.Зориг агсны хэрэг гэлтгүй авилга албан тушаалын томоохон хэргүүд шүүх дээр гацаж байгаа асуудлыг шийдэхэд шүүхийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж гишүүд онцоллоо.