Улсын Их хурал

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гутайн даваа, Онон голын эх орчим, Ноён уулын газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр түүхэн болоод байгалийн үзэсгэлэнт газар нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа компаниудад лиценз олгосон асуудлыг анхааран ажиллах хэрэгтэйг гишүүд хэллээ. Харин Уул уурхайн сайдын зүгээс хариуцлага алдсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлан ажиллаж байгааг онцолсон юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн нийт 9 газрыг Улсын тухай хамгаалалтад авахыг дэмжлээ. Дээрх газруудад сүүлийн арваад жил маргаан дагуулж, 51 удаагийн шүүх хурал болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар багтсан юм. Тус газарт таван аж ахуй нэгжийн 12 тусгай зөвшөөрөл олгогдсон нь хууль бус үйл ажиллагаа гэдгийг Байгаль орчны сайд онцоллоо. Тиймээс өнөөдөр тусгай хамгаалалтад авч дархан цаазат газрын ангилалд багтаахыг дэмжсэн юм.

Д. СУМЪЯАБАЗАР: СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 872 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦАЛСАН 

1995 онд Ноён уул орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байтал дээрх 12 зөвшөөрлийг давхцуулан олгосон байна. Энэ нь түүхийн дурсгалт болон тусгай хамгаалалтад авсан газар олгогдсон лиценз тул хуулийн байгууллагаар шалгаж эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг хэллээ. Үүнээс гадна олборлолт явуулах тусгай зөвшөөрөл авсан компаниуд явцын дунд хариуцлагагүй ажиллаж, нөхөн сэргээлт хийдэггүй хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын зөвшөөрлийг цуцлан ажиллаж байгааг Уул уурхайн сайд хэлсэн юм.

Байгаль орчны эсрэг буруутай үйл ажиллагааг таслан зогсоох үүднээс засгийн газар экологийн цагдаа ажиллуулж эхлэсэн. Үүнээс гадна ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалтад өөрчлөлт оруулснаар хариуцлагагүй уул уурхайн компаниудад хариуцлага тооцдог болсныг салбарын сайд нар онцолсон юм.