Улсын Их хурал

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно, Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах эрхтэй, Ерөнхий сайд огцорвол засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох, улсын төсөв болон бодлогын тодорхой асуудлаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг 38 зүйлтэй төсөл өргөн баригдсан юм.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ баталсан тохиолдолд Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор тусгасан бол тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалт оруулжээ. Энэ нь гүйцэтгэх засаглалын тогтвортой байдалд эрсдэл үүсгэх магадлалтай тул ажлын хэсэг илүү нарийвчлан боловсруулахаар боллоо. Учир нь сүүлийн 30 жилийн хугацаанд бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажилласан хоёр л засгийн газар байдаг. Тиймээс засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах зохицуулалт туссан. Өөрөөр бол Ерөнхий сайдад УИХ хариуцлага тооцож, Ерөнхий сайд засгийн газрын сайд нартаа хариуцлага тооцдог байхаар болж байгаа юм.

Үүнээс гадна засгийн газраас гаргасан улс төрийн шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх зохицуулалт оржээ. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Засгийн газрын шийдвэр удаа дараа захиргааны хэргийн шүүх дээр унаж байсан. Тиймээс Захиргааны хэргийн шүүх улс төрийн шийдвэрт хяналт тавихгүй харин иргэн болоод олон нийтийн эрх ашгийг зөрчсөн засгийн газрын шийдвэрийг хянан хэлэлцэх зохицуулалт хийж байна.