Засгийн газар

Усан цахилгаан станц бол хамгийн тогтвортой, хамгийн хямд тарифаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж гэдгийг албаныхан хэлж онцолдог. Нүүрсний станц 4-5 цаг галлаж байж эрчим хүч үйлдвэрлэдэг бол усан станц шууд эрчим хүч үйлдвэрлэдэг гэдгийг салбарын сайд хэллээ.

Дөргөн, Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орсон. Тухайлбал Дөргөний усан цахилгаан станц жилд 40 сая кв/ц цахилгаан үйлдвэрлэдэг байна. Эгийн голын усан станцын суурилагдах хүчин чадал 315 МВт, жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан, Ховд аймагт баригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан станц нь жилд 230 сая квт/ц цахилгаан үйлдвэрлэх боломжтойг мэргэжилтнүүд судалгаагаар гаргасан байдаг. Одоогоор эгийн голын усан цахилгаан станцын байгаль нуурт нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийлгэхээр ажиллаж байгааг салбарын сайд хэлж байна.

Эгийн голын усан цахилгаан станцад анх хийсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд Байгаль нуурт нөлөөлөх нөлөөлөл тусгагдаагүй байна. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ТЭЗҮ хийгдэж байгааг онцоллоо. Энэ ондоо багтааж барилгын ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа гэлээ. Монгол улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авдаг байна.