Ээлжийн амралтын хугацаа, мөнгөө хэрхэн тооцох вэ?

Нийгэм

Ээлжийн амралтын хоног, олговроо өөрсдөө тооцож харъя!

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ 55 дугаар зүйл. Ээлжийн амралтын олговор

55.1. Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.

55.2. Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.

Ээлжийн амралтын олговор

Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

Ээлжийн амралтын олговор = 1 өдрийн дундаж цалин * (15 ажлын хоног+нэмэлт хоног)

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ 79 дүгээр зүйл. Ээлжийн амралт, түүний хугацаа

79.1. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

79.2. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

79.3. 18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

79.4. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно.

79.5. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:

79.5.1. 6-10 жилд ажлын 3 өдөр;
79.5.2. 11-15 жилд ажлын 5 өдөр;
79.5.3. 16-20 жилд ажлын 7 өдөр;
79.5.4. 21-25 жилд ажлын 9 өдөр;
79.5.5. 26-31 жилд ажлын 11 өдөр;
79.5.6. 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.

79.6. Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно:
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

79.6.1. 6-10 жилд ажлын 5, түүнээс дээш өдөр;
79.6.2. 11-15 жилд ажлын 7, түүнээс дээш өдөр;
79.6.3. 16-20 жилд ажлын 9, түүнээс дээш өдөр;
79.6.4. 21-25 жилд ажлын 12, түүнээс дээш өдөр;
79.6.5. 26-31 жилд ажлын 15, түүнээс дээш өдөр
79.6.6 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр.

79.7. Төрийн албан хаагчийн нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно.