Засгийн газар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар ирэх сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна.  Айлчлалын үеэр Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор болжээ.                 

Монгол улсын Ерөнхий сайд 2010 онд ОХУ-д албан ёсны айчлал хийж байсан. Харин энэ удаагийн айлчлал  9 жилийн дараа хийгдэж байгаа гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд олон чухал асуудал яригдана. Тухайлбал Монгол улсын нутагт дэвсгэрээр хийн хоолой дамжуулах шугамыг барих тухай асуудлыг 2 тал ярилцах юм.

Айлчлалын хүрээнд 2019 оны 12-р сарын 4-ний өдөр Москва хотноо Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь сэдэвт бизнес форум зохион байгуулагдана. Мөн Монголд үйлдвэрлэв бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно. Эдгээр арга хэмжээнүүд нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэдгийг онцоллоо.