ГҮРЖ: Михаил Саакашвилигийн биеийн байдал мууджээ

Улс төр

Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн биеийн байдал өдрөөс өдөрт доройтсоор байна. 

Эх орондоо эргэн ирснийхээ дараа хоригдож, улмаар шоронд өлсгөлөн зарлаад байгаа Михаил Саакашвилигийн биеийн байдал маш хүнд байгаа талаар эмч нар мэдээлжээ.

Гүржийн экс ерөнхийлөгчийн биеийн байдалд үзлэг шинжилгээ хийж, хөндлөнгийн хяналт явуулсан эмч нарын баг ийм дүгнэлтэд хүрчээ. Хүний эрхийн асуудлаарх итгэмжит төлөөлөгч Нино Ломжариягийн мэдээлснээр Гүржийн экс ерөнхийлөгчийг цаг алдалгүй олон талын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэх шаардлагатай байгаа гэнэ.

Эмч нарын дүгнэлтээр шоронгийн эмнэлэгт Саакашвилид шаардлагатай эмчилгээ үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа юм. Гүржийн экс ерөнхийлөгч 10-р сарын 1-нд эх орондоо эргэн ирснийхээ дараа хууль хүчнийхэнд саатуулагдан хоригдсон юм. Тэрээр шоронд орсныхоо дараа өлсгөлөн зарлаж, өнөөдрийн байдлаар 48 хонож байна.