Жо Байден улсынхаа дэд ерөнхийлөгчид эрх үүргээ түр шилжүүлжээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн шалтгаанаар төрийн тэргүүний эрх үүргээ дэд ерөнхийлөгч Камала Харрист шилжүүлжээ. 

Цагаан ордны тэргүүн төлөвлөгөөт дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай болж, бүтэн наркозтойгоор шинжилгээнд хамрагдсан учраас ерөнхийлөгчийн эрх үүргээ дэд ерөнхийлөгчдөө түр шилжүүлэн өгсөн байна.

Жо Байденыг дурангийн шинжилгээ хийлгэх хооронд АНУ-ын Ерөнхийлөгчийн эрх үүрэг 1 цаг 25 минутын туршид дэд ерөнхийлөгч Камала Харрисын мэдэлд шилжжээ. Ингэснээр АНУ-ын Төрийн тэргүүний үүргийг Эрх чөлөөний орны түүхэнд анх удаа эмэгтэй хүн гүйцэтгэсэн байна. Жо Байден Вашингтоны дор байрлах Уолтери Ридын нэрэмжит эрүүл мэндийн төвд дурангийн шинжилгээнд оржээ.

Жо Байден хорт хавдын эрсдэлийг эрт илрүүлэх зорилготой 10 жилд нэг удаа хийгддэг шулуун гэдэсний дурангийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.

Америкийн түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч Жо Байден дурангийн шинжилгээний маргааш өдөр буюу өнөөдөр төрсөн өдөр нь тохиож 79 нас сүүдэр зооглож байгаа юм. Түүний эмчлэгч эмч Кевин О’Коннорын ярьснаар ерөнхийлөгчийн шулуун гэдсэнд бага зэргийн уйланхай илэрсэн ч энэ нь Байдены эрүүл мэндэд, мөн албан үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй гэдгийг хэлсэн байна.