Засгийн газар

Урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Онцгой Комиссын Дарга С.Амарсайхан НОК-ийн гишүүд,  дүүргийн Засаг дарга нар, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол улсад энэхүү вирус илрээгүй байгаа ч бид санаа амарч болохгүй. Дэлхийн хэмжээнд өдөр бүр, цаг тутамд коронавирусаар халдварлагчдын тоо  өсөж, нас баралт нэмэгдэж байна. Нийслэлд гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тал дээр Дүүргүүдийн онцгой комиссын дарга нар онцгой анхаарах шаардлагатай байна. Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Иргэд олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажилла. Энэ чиглэлд нийтийн тээврийн чиглэлээр зохицуулалт хийх ажил явагдана. Иргэд маань сар шинээр золголтоор олон айлаар орохгүй байх, аав ээ, гэр бүл, ойр дотнынхон хүмүүсээ элдэв эрсдэлд оруулахгүй байх чиглэлд  төр засгаас зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна. Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас хүн бүр сонор сэрэмжтэй байж, эрх үүргээ ухамсарлаж,  урьдчилсан сэргийлэх үйл хэргийг дэмжин оролцож байж бид эрсдэл багатай даван туулна. Ийм хүнд нөхцөл байдалд нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт амны хаалт зүүгээгүй бол үйлчлэхгүй байхаар болсон. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тиймээс ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллах хэрэгтэй" зэрэг үүрэг даалгаврыг НОК-ын гишүүдэд өглөө.

Мөн хуралдааны төгсгөлд Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс