Засгийн газар

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 105 ажилчин оруулж ирэх асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд Энх-Амгалан танилцуулсан. Энэ хүмүүс Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтад оролцоно гэдгийг тайлбарлаж байна. Өвчний голомттой бүс нутгаас ирэх хүмүүсийг тусгай үүргийн онгоцоор авч ирнэ. Мөн өндөр хяналт тавьж, дүрэм журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэдгийг онцоллоо.

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд эхлэх учиртай. Гэвч коронавирусын тархалтын улмаас хил хаагдаж БНХАУ-аас ажиллах хүч орж ирэх боломжгүй болсон.

Тэгвэл засгийн газраас томоохон бүтээн байгуулалтад оролцуулах ажилчдыг өндөр хяналттай оруулж ирэхээр төлөвлөсөн байна.

2019 онд БНХАУ-ын 8 мянга гаруй иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлсан байдаг. Тэгвэл энэ жил ч улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтад ажиллах хүч зайлшгүй авах шаардлагатайг хэллээ.

Тодруулбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах хүчийг ирэх Ням гарагт тусгай нислэгээр оруулж ирэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд БНХАУ-ын 105 иргэнийг оруулж ирэн тусгаарлахыг салбарын сайд хэллээ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг 16 хоногийн дараа эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин туслан гүйцэтгэгч нь Монгол компаниудын ажил эхэлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.