Архив...

Засгийн газар

Манай улс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлд 26.9 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Уг төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэж талууд өнөөдөр гарын үсэг зурсан юм. Төслийн хүрээнд томоохон эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангахаар болж байна.

Дэлхийн банкнаас санхүүжүүлж буй 26.9 сая ам.долларын төслийн хүрээнд нийслэлийн 3-р эмнэлэг, Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ. Нийт 1000 орчим нэр төрлийн 11,500 гаруй тоног төхөөрөмжөөр хангах юм. Мөн 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэж байгааг хэллээ.

Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран олон талын төсөл арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж байна. Нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх нь чухал гэдгийг хэлж байна.

Зээлийн санхүүжилтийг Дэлхийн банкны 2 өөр байгууллага олгохоор болсон байна. Ингэхдээ 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр олгож байгаа юм.