Засгийн газар

Коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Улсын хилийг бүрэн хааж, үйлчилгээний байгууллагуудад тусгай дүрэм үйлчилж байна. Өнөөдөр Улсын онцгой комисс өргөтгөсөн хуралдаан хийж хөл хориог 6-р сарын 30-ны өдөр хүртэл сунгах санал гаргалаа. Мөн вакцин гарсан цагт бэлэн байдлын зэрэг зогсоно гэдгийг Ерөнхий сайд аж ахуй нэгж, ард иргэдэд сануулан хэллээ. Мөн манай улс вирусний өндөр эрсдэлтэй хэвээр байгаа цагт дайнтай адилтан ажиллах ёстойг онцолсон байна. 

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 21-ний өдөр цар тахлын эрсдэлийг тогтоох үнэлгээг найм дахь удаагаа хийхэд манай улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж гарчээ. Улмаар өнөөдөр Улсын онцгой комисс 22 дахь удаагийн өргөтгөсөн хурлаа хийж улс даяар тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин нэг сараар сунгаж 6-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх санал гаргалаа. Учир нь цөөн хүн амтай манай улсын тухайд цар тахлын эрсдэл үргэлж хажууд байгаа тул сэрэмжээ алдаж болохгүйг Онцгой комиссын дарга онцолсон юм. Ингэхдээ Ковид-19 халдварын эсрэг вакцин гарах хүртэл анхаарлаа сулруулж, хөл хориог цуцалж болохгүйг комиссын хуралд оролцсон засгийн газрын тэргүүн ч хэллээ.

КОВИД-19 ХАЛДВАРЫГ ДОТООДОД АЛДААГҮЙ ТУСГААР ТОГТНОСОН ГАНЦ УЛС МОНГОЛ БОЛЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар хүн амынхаа дунд Ковид-19-ын халдварыг тархаалгүй барьж байгаа гурван улс байгаа юм. Үүний хоёр нь арлын улс бол цар тахлыг дотоодод алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс, Монгол  болж байгааг Эрүүл мэндийн сайд онцоллоо. Өнгөрсөн хугацаанд цар тахлын эсрэг шаардлагатай арга хэмжээ авахад засгийн газрын нөөц хөрөнгө, олон улсын байгууллагаас 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт хийжээ. Харин цаашид ч эрүүл мэндийн салбарт нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатайгаас гадна эмч ажиллагсдыг орон сууцжуулахаас эхлээд нийгмийн асуудалд нь анхаарах хэрэгтэйг салбарын сайд онцоллоо.

УЛС ДАЯАР ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ НЭГ САРААР СУНГАЛАА

Манай улс өнгөрсөн нэг сараас хойш 62,510 иргэнээ газраар болон агаараар хил нэвтрүүлэн авч ирсэн. Тэгвэл одоогийн байдлаар 46 улсаас 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьжээ. Үүнд АНУ, БНСУ, Австрали, Турк, Англи, Япон зэрэг улсуудаас хүсэлт их ирсэн байна. Тиймээс онцгой комисс дараагийн чартер нислэгийг аль улс руу хийхээ судалж байгааг хэллээ. Япон Улсаас ирэх хүсэлтэй иргэдийн дийлэнх нь оюутан гэдгийг салбарын сайд хэлж байсан юм.

У. ХҮРЭЛСҮХ: КОРОНАВИРУСНИЙ ЭСРЭГ ВАКЦИН ГАРАХ ҮЕД ХӨЛ ХОРИОГ ЗОГСООЖ, ХИЛЭЭ НЭЭНЭ

Онцгой комиссын хуралдаанд МУ-ын Ерөнхий сайд оролцож хэд хэдэн чиглэлийг өгсөн юм.

- Коронавирусний эсрэг хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх

- Халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах

- Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд ажиллах мэргэжлийн багийг бэлтгэх

- Эмч, сувилагч нарыг олон улсын сургалтад онлайнаар хамруулж тэдний эрүүл мэндийг хамгаалж дархлааг дэмжих ажилд анхаарах

- Хүнд нөхцөлд ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд мөнгөн урамшуулал өгөх ажлыг судалж танилцуулах

- Улс даяар эрсдэлийн үнэлгээг тогтмол явуулах, аймаг, нийслэл, сумдын онцгой комиссууд өндөр хяналттай ажиллах

- Халдварын болзошгүй эрсдэл үүссэн тохиолдолд бүх түвшинд дайчилгаа зохион байгуулахад бэлтгэх

- Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас сэргийлэхэд онцгой анхаарч, УОК СЕХ хамтарч ажиллах

- "Амны хаалтаа зүүцгээе" аяныг үргэлжүүлэх шаардлагатай

- Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэнд, амьжиргаанд онцгой анхаарах зэргийг чиглэл болголоо.   

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ