Өнөөдрийн байдлаар Украин Улсын 1.5 сая иргэн эх орноо орхин гадагшаа дүрвэн зугтаад байна

Үйл явдал

Украинд дэгдсэн дайн тулаанаас дайжин өнөөдрийн байдлаар энэ улсын 1,5 сая иргэн эх орноо орхин гадагшаа дүрвэн зугтаад байна. Оросын цэргийн хүчний явуулж байгаа цэрэг дайны ажиллагаанаас дүрвэн Украины иргэд хөрш зэргэлдээх ЕХ-ны улс орнуудыг зорьж байгаа юм.

НҮБ-ын мэдээлж байгаагаар Европ тивд Дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн томоохон хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна. Украинд үргэлжилж байгаа дайн тулааны улмаас НҮБ-ын мэдээллээр Украины хэдэн зуун иргэн хөрш зэргэлдээх Польш, Словак, Румын, Молдавыг зорьжээ. Ингэхдээ ихэнхдээ хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настай иргэд эх орноосоо дайжин дүрвэж байна.

Украинд 18-60 насны эрчүүдийг байлдааны бэлэн байдалд орж, бэлтгэл цэргийн хүчин болгон эх орноо орхин гарахыг нь хориглоод байгаа юм. Зөвхөн өнгөрсөн бямба гарагт л гэхэд Польшийн хилээр Украины талаас 130-аад мянган иргэн дүрвэж, ням гарагт 40 мянган хүн хилээр нэвтэрчээ.

Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйены мэдээлснээр ЕХ-ноос Украины дүрвэгсдэд зориулан 500 сая еврогийн тусламж үзүүлнэ. Түүнчлэн Украинаас дүрвэсэн иргэдэд ЕХ-ны нутаг дэвсгэрт 1 жилийн хугацаагаар оршин суух, сурах, ажиллах, эмнэлгийн тусламж авах эрхийг нээлттэй болгожээ.