Засгийн газар

Манай улсад худалдаалагдаж байгаа гурван эм тутмын нэг нь олон улсын стандартад нийцдэггүй байна. Шаардлага хангадаггүй хэрнээ эмний үнийг хэт өндөр тогтоож, 5-6 дахин нугалдаг гэдгийг Улсын их хурлын гишүүд хэллээ. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулиар энэ бүх асуудлыг зохицуулж, чанартай эм нийлүүлэх асуудалд онцгой анхаарах ёстойг ч гишүүд санууллаа.

Манай улсад өнөөдрийн байдлаар 4000 гаруй эм бүртгэлтэй худалдаалагдаж байна. Гэвч эм худалдаалах үнэ дэлхийн бусад орноос 5-6 дахин өндөр үнэтэй байгааг судалгааны байгууллага гаргажээ.

Үүнээс гадна амжиргааны түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд сард олдог орлогынхоо 94 хувийг эм худалдан авахад зарцуулж байгаа юм. Тиймээс эмийн зохистой хэрэглээ, импортын болон үйлдвэрийн эм бэлдмэлийн нэр төрөл, чанар стандарт, эмийн үнийн хөөрөгдөл гээд олон асуудалд нарийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Энэ хүрээнд салбар яам эм эмнэлгийн хэрэглэгдхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан ч хуулийн төслийг гишүүд шүүмжиллээ.

МАНАЙ УЛСАД ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА ЭМ ДЭЛХИЙН БУСАД ОРНООС 5-6 ДАХИН ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙНА

Өнөөдрийн байдлаар 47 эмийн үйлдвэр манай улсад байгаа ч тэдгээрийн 91 хувь стандартын шаардлагад нийцдэггүй байна. Харин импортоор эм оруулж ирдэг 390 орчим газар байгаагийн 30 гаруй хувь шаардлага хангахгүй байгааг хэллээ. Өөрөөр бол хилээр орж ирж байгаа гурван эм тутмын нэг нь стандартад нийцдэггүй байна. Тиймээс өргөн барьсан хуулиар дээрх асуудлыг ч шийдэх ёстойг гишүүд онцолж байгаа юм. Эмийн зах зээл дэхь олон асуудлыг шийдвэрлэхэд хуулиа сайжруулахаас гадна бие даасан агентлаг байгуулах шаардлагатайг ч гишүүд хөндлөө.

АМЖИРГААНЫ ТҮВШИН ДООГУУР ИРГЭД ОРЛОГЫНХОО 94 ХУВИЙГ ЭМ АВАХАД ЗАРЦУУЛЖ БАЙНА

Иргэдээс гарч байгаа эрүүл мэндийн зардлын 3-ны хоёрыг эмийн зардал эзэлдэг байна. Тиймээс эмийн үнийн хөөрөгдөлд онцгойлон анхаарах хэрэгтэйг гишүүд хэллээ. Ийнхүү өргөн барьсан хуулийн төслийг гишүүд шүүмжилсэн ч байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжиж ажлын хэсэг байгуулан хуулийн төслийг сайжруулахаар боллоо.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ГИШҮҮДИЙН ШҮҮМЖЛЭЛИЙГ ДАГУУЛЛАА