Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/524 дугаартай захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2023” Олон Улсын гүйлт болон “Автомашингүй өдөр” арга хэмжээг маргааш буюу 06 дугаар сарын 03-ны өдрийн Бямба гарагт Улаанбаатар хотод зохион байгуулна.
Тухайлбал: Жанжин Д.Сүхбаатарын талбай, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монгол хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг Цагдаагийн байгууллагаас түр хугацаагаар хязгаарлаж, замын уулзвар гарцуудад хаалт байршуулж хаана.
Иймд хязгаарлалтын бүсэд оршин суудаг иргэд Бямба гарагийн өглөөний 06:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд автомашинтайгаар хамгаалалт авагдсан бүсээс гарах, эсхүл нэвтэрч орох боломжгүй тул хамгаалалт авах цагаас бусад цагуудад автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчино уу.
“Автомашингүй өдөр” арга хэмжээтэй холбоотойгоор нийслэлийн захын хэсгийн гудамж замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл саатал бий болдог тул иргэд та бүхнийг нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.