Тээвэр ложистикийн төвөөс иргэн, аж ахуйн нэгжүүд ачаагаа авах нь чөлөөтэй 

Нийгэм

Манай улс Эрээнд гацсан ачаа тээврээ саадгүй нэвтрүүлж эхэллээ. Олон сар хүлээсэн ачаа бараа төрийн зохицуулалттайгаар Замын-Үүдэд ирж тэндээс Улаанбаатар хот руу тээвэрлэж байна. Хилийн ачаа бараа тээвэрлэх үйл ажиллагаа жигдэрч эхэлснээр тээвэрлэлтийн хөлс ч буурчээ. Хилээр эхний ээлжинд эм эмнэлгийн хэрэгсэл, хүний амь настай холбоотой эд материалыг саадгүй нэвтрүүлэх зохицуулалт хийж байгааг албаныхан хэлж байна.   

Эрээний боомтод гацсан их хэмжээний ачаа тээврийг энэ сарын 13-наас чингэлэг тээвэрт шилжүүлэн нэвтрүүлж эхэлсэн. Чингэлэг тээврийг Эрээний хилээс Замын-Үүд дэх тээвэр логистикийн төв хүртэл тээвэрлэнэ. Харин ложистикийн төвөөс тээврийн жолооч нар өөрсдийн автомашинд ачиж Улаанбаатар болон бусад цэгүүдэд чөлөөтэй тээвэрлэх боломжтой. Энэ үйл ажиллагаа нь хилийн үйл ажиллагааг цар тахлын эрсдлээс сэргийлэх хоёр улсын баримталж буй бодлогын хүрээнд хийгдэж буй ажил юм. 

Эрээний боомтоос ачаа барааг гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн дарааллаар нэвтрүүлж байна. Гэхдээ эхний ээлжинд эм эмнэлгийн хэрэгсэл, хүний амь настай холбоотой эрүүл мэндийн салбарын ачаа тээврийг саадгүй нэвтрүүлэх зохицуулалт хийгдэж байгааг албаныхан мэдээллээ. Бусад тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн дарааллын дагуу, мөн хэн нэгэн танилын ачаа бараа түрүүлж гарна гэсэн ойлголт байхгүй гэдгийг мэдэгдлээ. 

Замын-Үүдээс Улаанбаатар руу тээвэрлэж буй ачааны үнэ буурч 3.5 сая төгрөг боллоо 

Хилийн үйл ажиллагаа жигдэрч эхэлсэнтэй холбоотойгоор ачаа тээврийн үнэ ч буурч байгааг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа.

Одоогоор Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ 3.5 сая төгрөг байгаа нь цаашид ч буурах боломжтой гэж албаныхан албаныхан харж байна. Сүүлийн өдрүүдэд хилээр нэвтрэх чингэлэг тээвэр өдөрт 65-69 болж нэмэгдээд байгаа юм.