Инверс гэдэг бол хүйтэн агаар доош сууж, өтгөрөхийг хэлдэг

Нийгэм

Агаарын бохирдол нэмэгдсэн гол шалтгаан нь инверсын нөлөөлөл гэж албаныхан мэдээлэх болсон. Үүнээс үүдээд энэ жил утаа нүдэнд харагдах хэмжээнд эрс нэмэгдсэн гэж тайлбарлаж байгаа. Харин иргэдийн зүгээс албаныхан асуудлыг өөрсдөөсөө түлхэж шалтаг хайж байна хэмээн шүүмжлэх тохиолдол их байгаа юм. Тиймээс агаар бохирдуулагч инверс хэрхэн ямар нөлөө үзүүлдэг талаар мэргэжлийн хүнээс тодрууллаа.

Агаарын бохирдол үүсгэж буй хүчин зүйлст тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн зуух, нам даралтын зуух, станцууд багтаж байна. Харин эдгээр хүчин зүйлс жил бүр хэдэн арваараа, зуугаараа нэмэгдэж байгаа учраас Улаанбаатар хот агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авсан ч төдийлөн нөлөөлөхгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Сүүлийн үед мэргэжлийн байгууллагаас инверсийн нөлөө их байгаа учраас агаарын бохирдол хотын төвдөө тогтмолшиж, буурахгүй байгааг онцлох болсон. Харин үүнийг иргэд агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгааныг хэн нэгэн эзэнгүй бие рүү чихэж байна хэмээн шүүмжлэх болсон. 

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ТОМ ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГТЭЙ 

Агаарын бохирдлыг тэртээ 30 жилийн өмнөөс ярьж, 20-иод жилийн өмнөөс бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэж эхэлсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрчээ. Хамгийн богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах арга зам бол зуух, түлшний шинэчлэл байсан бол одоо урт хугацааны том төлөвлөлт рүү орох хэрэгтэйг мэргэжлийнхэн хэлж байна. 

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад 500-аад тэрбум төгрөг зарцуулсан тооцооллыг Үндэсний аудитын газраас гаргаад байгаа. Гэхдээ энэ их хөрөнгөд зөв зарцуулалт хийгээгүй гэдгийг иргэд шүүмжилдэг. Хүн ам нэмэгдэж, хотын хөдөлгөөн улам ихсэх болсон энэ үед томоохон төлөвлөлт хийж эхлэх хэрэгтэйг эрдэмтэн судалаачид хэлж байна.