Намууд

Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдлаа. Гол сэдэв коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх тухай хуулийн төсөл байлаа. Цар тахал дэгдсэн онцгой цаг үед хөл хорио тогтоох, дүрэм журам мөрдүүлэхэд хууль эрх зүйн орчин хангалтгүй байна гэж үзсэн учраас нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. 1 жилийн хугацаанд хүчинтэй байхаар төлөвлөсөн ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тахал намжсан гэж мэдэгдэх хүртэл хууль хүчин төгөлдөр байх нь зүйтэй гэж Монгол Ардын Намын бүлэг үзсэн байна.

Цар тахлын эсрэг богино хугацааны хуулийг дөрвөн бүлэг 19 зүйл заалттайгаар өргөн барьсан. Хуулийн төслийн гол заалтуудаас дурдвал цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэргээр шаардлагатай арга хэмжээг авч онцгой нөхцөлд мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгохоор тусгалаа. Харин УИХ сар бүр хяналт тавьж мэдээлэл сонсож байх зохицуулалтыг хийж байгаа юм. Үүнээс гадна тахлын голомтод ажиллаж байгаа эмч мэргэжилтэн, төрийн алба хаагчдад онцгой нөхцлөөр орон сууцны зээл олгох арга хэмжээг тусгасан. Мөн тусгаарлалтаас гарсан иргэд дэглэм зөрчих, алба хаагчдын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгуулийн арга хэмжээг чангатгахаар хуульчилжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар тахал намжсан гэж зарлах хүртэл дээрх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Гэхдээ эхний байдлаар энэ он дуустал хэрэгжихээр заасан. Нөхцөл байдал сайжрахгүй бол хуулийн үргэлжлэх хуулийг сунгана гэдгийг хэлж байна.

Олонхийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийг энэ долоо хоногт багтаан онцгой горимоор хэлэлцэн батлах шаардлагатай гэж шийдвэрлэлээ. Үүнээс гадна энэ хаврын чуулганаар үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой нэн даруй батлах 10 гаруй хуулийн талаар зөвлөлдсөн байна.