Өдөрт бүртгэгдэх халдварын 35-80 хувьд нь дельта вирус илэрч байна

Ковид-19 /дотоод/

Дельта вирусыг БНСУ-д үйлдвэрлэсэн оношлуураар илрүүлж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд дельта вирусын тархалт их байна.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг 9-р сарын дунд үеэс дельта вирусын тархалт эрс нэмэгдэж өвчлөлийн шинэ давалгаа үүсэх эрсдэлтэй байгааг сануулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд илэрч байгаа нийт халдварын 40 гаруй хувьд дельта хувилбар бүртгэгдэх болжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд дельта хувилбарын тархалт өндөр байгаа бол орон нутгуудаас Ховд, Баян-Өлгий аймгуудад нөхцөл байдал амаргүй байна. Ковид-19 вирусийн энгийн мутаци 3 хүнд халдвар тараах чадвартай бол дельта хувилбар 7 хүнд халдварлах чадвартай юм.

Манай улс дельта вирусыг ямар байдлаар оношилж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэгвэл БНСУ-д үйлдвэрлэсэн ПГУ оношлуурыг ашиглан энгийн мутациас ялгаж байгааг албаны хүн хэллээ. Мөн вирусын сорьцыг давхар япон улсад илгээн баталгаажуулж байгааг онцолж байна.

Улсын хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын 35-80 хувьд нь дельта вирус харилцан адилгүйгээр бүртгэгдэж байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь юу юунаас чухал байгааг албаны хүмүүс сануулж байна.

Халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь том давалгаа үүсгэх эрсдэлтэйг хэллээ.