Халуун сэдэв

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Монголд ирж аргаль янгир агнасан нь их гүрэнд маргаан дагуулсаар байна. Нэн ховордож, улаан номонд орсон амьтан агнасан нь ерөнхийлөгчийн гэр бүлд байж болзошгүй алдаа гэдгийг энэ улсын томоохон хэвлэлүүд нийтэлжээ. Мөн зөвшөөрөлтэй байсан эсэхийг ч хөндсөн байна. Тэгвэл энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодруулга авлаа.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү энэ оны 8-р сард манай улсад өөрийн хүүтэйгээ ирж хувийн аялал зохион байгуулсан. Аяллынхаа ихэнх хугацааг тэрээр Баян-Өлгий аймагт өнгөрүүлж, тухайн үед авсан гэрэл зургуудаа өөрийн цахим хуудсандаа нийтэлж байсан. Мөн аялалын хугацаанд аргаль агнаж, ангийн бүтээгдэхүүнээ хилээр авч гарчээ. Энэ хэрэгтэй холбогдуулан олон улсын байгаль хамгаалах байгууллагаас түүнийг Монгол улсад аялахдаа ховор ан амьтан зөвшөөрөлгүй агнасан хэмээн буруутгаж, хэргийг шалгаж тогтоохыг хүссэн байна. Тэгвэл тухайн үед аргаль агнахдаа зөвшөөрөл авсан эсэх дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тайлбар өглөө. Тэрээр хууль зөрчсөн үйлдэл байхгүй, ангийн бүтээгдэхүүнийг хилээр гаргахдаа тусгайлсан гэрчилгээ авах ёстой байдаг. Энэ зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан гэсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн хүү манай улсад аялал зохион байгуулж, аргал агнасан үйлдэлд хууль зөрчсөн зүйл байхгүй. Харин ч манай улсыг олон улсад сурталчилсан үйл явдал болсон гэдгийг тэрээр мөн хэлсэн юм.