Эльбрусын оргил өөд авиралт хийж байсан уулчид осолджээ

Үйл явдал

Манай хойд хөрш ОХУ-ын хамгийн өндөр оргил болох Эльбруст уулчид осолджээ. Далайн түвшнээс дээш 5,642 метрийн өндөр оргил өөд авиралт хийж байсан уулчид цаг агаарын байдал солигдон шуурснаас осолдсон байна.

Ууланд авиралт хийж байсан уулчдаас 5 хүн харамсалтайгаар амиа алдан, 14 хүнийг аврагчид аварчээ.

Эльбрусийн оргил өөд авиралт хийж байсан уулчид уулын 5,400 метрийн өндөрт байхад цаг агаарын байдал эрс муудаж, цасаар шуурч эхэлжээ. Тэднийг аврах ажиллагаа бүтэн 7 цаг үргэлжилсэн байна.

Уулчдын клубын 19 уулчин өглөө эрт авиралт хийсэн ч аажмаар цаг агаарын байдал тавгүйтэн, цасаар шуурч, салхины хүч секундэд 70 метр хүртэл ширүүсэн үзэгдэх орчин хязгаарлагджээ. Улмаар уулчид замаасаа гарч төөрөн, уулчдын багийг ахалж явсан хүн доош буун тусламж дуудахаар явжээ.

Энэ үеэр нэг эмэгтэйн биеийн байдал муудаж, түүнийг замдаа чирч явсан ч хүйтэнд осгон замдаа амиа алдсан байна. Үлдсэн хоёр хүн доош буун тусламж дуудсаны дагуу Кабардин-Балкарийн онцгой байдлын албаны 70 гаруй хүн, 16 нэгж техник аврах ажиллагаа явуулжээ.

Аврах ажиллагаа бүтэн 7 цаг үргэлжлэн уулчдыг буулгаж чадсан байна. Ууланд авиралт хийсэн багаас 5 хүн золгүйгээр амиа алдаж, 14 хүнийг аварч чаджээ.