Халуун сэдэв

Улсын их хурлын гишүүн Д.Пүрэвдорж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хөндөж байгаагаа мэдээллээ. Махны үнийн өсөлт бууралтад шууд нөлөөлдөг мах экспортлох бизнес авлига, хээл хахуульд автаж байгааг тэрээр онцоллоо. Монголд 12-хон компани мах экспортлох эрхтэй. Хятад эзэдтэй эдгээр компаниудад яамнаас мах гаргах бүх квотыг олгож байгаа нь дотоодын бизнест асар их эрсдэл дагуулж байгааг онцолсон байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайдыг огцруулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан. Махны үнийг бууруулсан, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж, дампуурахад хүргэсэн учир түүнийг огцруулах талаар санал гаргаж, хуулийн төсөл боловсруулсан гэсэн юм.

ХХААХҮ-ийн сайдыг огцруулах бас нэг шалтгаан бол Хятад эзэнтэй компаниудыг дэмжсэн тухай.  Манай улсад мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 140 үйлдвэр байдаг. Эдгээрээс 12 нь мах экспортлох эрхтэй. Үүний есөн үйлдвэр нь Хятад эзэнтэй байна. Харин энэ зөвшөөрлийг олгоход ХХААХҮ-ийн сайд нөлөөлсөн гэдгийг мөн хэлсэн юм.

Махны үнийг бууруулсан, малчдын орлогод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан учир түүнийг огцруулах шаардлагатай гэж тэрээр ийнхүү мэдэгдсэн юм.