Халуун сэдэв

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, бие даагч нэг, Та бидний эвсэл нэг, Зөв хүн электорат эвсэл нэг суудалтай парламент бүрдэж байна. Харин энэ дүнд эргэлзээтэй зүйл олон байгаа учраас дахин гар тооллого хийхийг нэр дэвшигчид шаардсан юм. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нам эвслийг оролцуулан дахин гар тооллого хийхэд ямар нэг саналын зөрүү гараагүй байна.

 

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн зарим нам эвсэл бие даагчдын зүгээс МУ-ын Ерөнхийлөгчид хандсан.  Улмаар Ерөнхийлөгч СЕХ-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзан гомдол гаргасан хэсгийн хороодод давхар хяналтын тооллого хийх чиглэл өгсөн. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд СЕХ, нам эвсэл, бие даагчдын төлөөллүүдийн хамтаар 12 тойргийн 164 хэсгийн хороонд хяналтын тооллого явууллаа. Нэмэлтээр хийсэн хяналтын тооллого санал тоолох машины дүнгээс зөрөөгүй гэдгийг СЕХ-ны дарга мэдэгдлээ.

Бие даагчид болоод нам эвслүүдийн гаргасан гомдлын хүрээнд нэмэлтээр хяналтын тооллого явуулахад 73.1 сая төгрөг зарцуулжээ. Энэ удаагийн сонгуульд 2070 хэсгийн хороонд санал хураалт явуулж хуулийн дагуу 846 хэсэгт хяналтын тооллого хийгээд байсан. Ийнхүү нэмэлтээр 164 хэсгийн хороонд гар тооллого явуулахад дүн зөрсөнгүй. Тиймээс гомдол гаргасан нам эвсэл, бие даагчдын төлөөлөл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Манай улс найман удаагийн сонгуульд санал тоолох автомат машиныг ашиглаж байгаа. Сонгуулийн хуульд нийт санал тоолох хэсгийн хороодын 50 хүртэл хувьд нь давхар хяналтын тооллого буюу гар тооллого явуулахаар заасан байдаг. Хуулийн хүрээнд хяналтын тооллого явуулахад машины дүнгээс зөрж байсан тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй СЕХ онцлон мэдэгдлээ.