Халуун сэдэв

Улсын их хурлын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний ах нар төрийн албанд томилогддог тухай мэдээлэл гарсан. Зарим нь гадаадад суух консул болжээ. Албан тушаалд хүрэхдээ авлига хээл хахуулийн хэрэгт холбогддог, улсын нэрээр визний наймаа хийдэг зэргийг Хөх хотод суух консул асан Мөнх-Эрдэнэ дэлгээд байгаа юм. Тэгвэл Батзандан гишүүн ахтайгаа холбоотой энэ бүх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. 

БНХАУ-ын Хөт хот дахь ерөнхий консул асан Д. Мөнх-Эрдэнийг хууль бус наймаа эрхэлсэн гэх үндэслэлээр эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл ерөнхий консул асан Д. Мөнх-Эрдэнэ өнгөрсөн 24-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлагадаа,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан болоод  түүний төрөл төрөгсдийн хууль бус үйлдэл, өөрийн консулаар томилогдсон байдал Гадаад харилцааны яамтай холбоотой асуудлуудыг ярьсан юм. Харин Гадаад харилцааны яамнаас өнөөдөр түүнд хаяглан мэдэгдэл гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл цацахгүй байхыг хүслээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Батзандан мэдээлэл хийж консул асан Мөнх-Эрдэнийн ярьсан зүйлс ор үндэсгүй тул АТГ-т шалгуулах хүсэлтээ өгч байгаагаа хэллээ.

Үүнээс гадна ерөнхий консул асан Мөнх-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданд авлига өгөхийг завдаж байсан гэлээ. Тодруулбал, өнгөрсөн оны 3-р сард Хөх хотын консулаар ажиллаж байхдаа зөвлөхтэй нь холбогдож зөвлөхөд нь 20 сая төгрөг, УИХ-ын гишүүн Батзанданд 50 сая төгрөг хятад хүнээр дамжуулан өгөх хүсэлт тавьж байсан гэсэн юм. Улсын дипломат паспортыг ашиглаж хууль бус машины наймаа, хар тамхи зэрэг хил дамнан худалдаалах хууль бус хэрэг үйлдсэн 55 хүн байгаа гэж тэрээр хэлсэн юм. Цаашид Хөх хотын консул асан Мөнх-Эрдэнэ болоод хууль бус үйлдэл хийсэн консулуудын хэргийг ил болгоно гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад байсан. Учир нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял авсан хүмүүсийн шүүх ажиллагаатай холбоотой төрийн нууцад хамаарах хэргийг олон нийтэд дэлгэсэн гэж үзсэн. Уг үндэслэлийг Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч гаргаж хуулийн байгууллагад хандаад байсан юм. Харин энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж хэрэгсэхгүй болсон гэдгийг тэрээр мэдэгдлээ.