Хоёр мянган сарлагтай Архангайн Ц.Доржсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо

Ерөнхийлөгч

Шинэ оны босгон дээр Архангай аймгийн Ихтамир сумын малчин Ц.Доржсүрэн 52 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 16 наснаасаа нэгдлийн мал маллаж эхэлсэн Ц.Доржсүрэн 52 жил тасралтгүй сарлаг маллаж байна.

Ерээд оны зах зээлийн шилжилтийн үед 30 орчим мал хувьчлан авсан түүний уйгагүй хөдөлмөрийн үр шимээр мал сүрэг нь арвижин үржиж, 2005 онд улсын сайн малчин, 2012 онд улсдаа анхны 1000 сарлагтан болсон хөдөлмөрч, туршлагатай малчин юм.

Тэрбээр 10 жилийн дараа амжилтаа дахин бататгаж, энэ оны мал тооллогоор улсын хэмжээнд анхны 2000 сарлагтан болжээ.

Ийнхүү Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн баяраар малчин Ц.Доржсүрэнгийн хагас зуун жилийн хөдөлмөрийг төр үнэлж Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан байна. Энэ бол дөрвөн улиралд цаг наргүй ажилладаг малчин түмний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж байгаагийн илрэл юм.

Малчин Ц.Доржсүрэн мал сүргээ өсгөхөөс гадна малын үүлдэр угсааг сайжруулах, малчдын залгамж халааг бэлтгэх, сарлаг маллах арга ухаанаа өвлүүлж, залуусыг малжуулахад бодитой хувь нэмэр оруулж яваа нэгэн.

Сарлаг бол өндөр уулын бүсэд нутагладаг, ашиг шим өндөртэй мал. Тэрбээр отор нүүдэл хийж, ялангуяа зуны цагт өндөр уулархаг сэрүүн газар бэлчээрээр таргалуулах талаар асар их туршлага хуримтлуулсан малчдын нэг юм.