Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ

Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм.

Чуулганы хоёр дахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана.

Хөвсгөл нуурыг хамгаалах үүднээс 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, живсэн машин, техникийг бүрэн татаж гаргах, Усны чанарын лабораторийг шинэчлэх, Судалгаа-шинжилгээний төв байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж байна.