Цэндийн Үенчид Ардын Жүжигчин цол хүртээлээ

Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Үенчид Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Тэрбээр Булган аймгийн Хөгжимт дуу бүжгийн театрын гоцлол дуучин, бүжигчнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уламжлалт өв соёлоо хөгжүүлэх үйлсэд 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Түмэн эх” чуулгад гоцлол дуучнаар тасралтгүй 30 гаруй жил ажиллан ардын дуу дуулах, ардын урлагийг судлах, түгээн дэлгэрүүлж нийтийн хүртээл болгох, ардын дууны урын санг баяжуулахад авьяас чадвараа зориулж, үндэсний соёл урлагаа Франц, Герман, Бельги, Голланд, Швейцар, Испани, Их Британи, ОХУ, БНХАУ, Япон зэрэг дэлхийн олон орны тайзан дээр тоглон сурталчилсан, ардын дууны судалгааны чухал эх хэрэглэгдэхүүн болсон “Зуун лангийн жороо луус” ардын дууны цоморлогийг гаргаж, “Хойд эх”, “Их хааны удам”, “Сийлэн бөөр” зэрэг түүхэн уран сайхны кинонуудад гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн юм.