АНУ-ын Чикагод Монгол Улсын Консулын газар нээхээр боллоо

Улс төр

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулга хийлээ.

Монгол иргэд олноор төвлөрөн оршин сууж буй улсын нэг болох АНУ-тай манай улс 1987 онд дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа тус улсын нийслэл Вашингтон хотод 1989 онд, Ерөнхий консулын газрыг Сан Франциско хотод 2011 онд тус тус нээжээ. АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцдаг аж.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Чикаго хотод Консулын газар нээж ажиллуулах саналаа америкийн талд дилломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.