Усанд осолдож амиа алдсан хүмүүсийн 77% нь амарч зугаалах үедээ эндсэн байна

Нийгэм
 
 
 
Цар тахлын улмаас улсын баяр наадмыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан ч наадмын амралтыг 9 хоног байхаар зохицуулсан. Ингэхдээ наадмын амралтын өдрүүдэд иргэдийг агаар салхинд гарч амрахыг эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа. Гэвч сүүлийн дөрвөн жилд зөвхөн наадмын амралтын өдрүүдээр амарч явахдаа 47 хүн усанд осолдож амиа алдсан байдаг байна. Мөн сүүлийн 10 жилд 2091 хүн усанд осолдож амиа алдсаны 230 нь бага насны хүүхэд байжээ. Осолдсон иргэдийн 77 хувь амарч зугаалах үедээ эндсэн байсныг ОБЕГ-аас мэдэгдлээ.
2017 онд баяр наадмын амралтын өдрүүдэд 12 хүн усны ослоор эндэж байсан бол, 2018 онд 4, 2019 онд 14, 2020 онд 17 хүн зөвхөн наадмын өдрүүдэд нас баржээ. Он гарснаас хойш усны осолд 37 хүн эндсэний найм нь бага насны хүүхдүүд байгаа тул хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг албаны хүн санууллаа
Томоохон голуудаар завьт эргүүл болон цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байгаа ч иргэдийн анхаарал болгоомж хамгийн чухал гэдгийг сануулж байна. ОБЕГ-аас он гарснаас хойш 122 хүний амийг аварч ажилласан байна. Өнгөрсөн онд 121 хүн усанд эндэж амиа алдсаны 30 нь хүүхэд байгаа харамсалтай мэдээ байгаа юм. Тиймээс иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс онцгойлон санууллаа.