Халдвараар өвдсөн хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ

Зөвлөмж

Хүүхдийн гарын алга хүйтэн, хөлстэй, нүдний доогуур харлаж, хөхөрсөн бол дархлаа унасны шинж.

Ковид-19 халдвараар өвдсөн том хүн төдийгүй хүүхдэд дараах шинж тэмдэг илэрч байна. Тодруулбал толгой өвдөх, толгой эргэх, ядрах, бага хэмжээний ачаалал авахаар амьсгаадах, мартамхай болох, аливаа зүйлд төвлөрөхгүй байх зэрэг нийтлэг шинж тэмдэг байгааг хэллээ. Дээрх шинж тэмдэг нь бага насны хүүхдийн бүтээмжийг бууруулж мэдрэлийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй тул сэргээн засах эмчилгээг биеийн байдлаас нь хамаарч хийхээр боллоо.

Насанд хүрэгчдийн хувьд дээрх шинж тэмдгүүдийг анзаараад, ковидын дараах сэргээн засах эмчилгээг сувилалд хийлгэх, амралтын газарт алжаал ядаргаагаа тайлах, агаарт алхах гэх мэтээр арга хэмжээ авч болно хэмээн зөвөллөө.  Харин коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн дархлаа сул байгаа энэ үед хичээлийн шинэ жил эхэлснээр хүүхдүүдийн ачаалал нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтай. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ сэргээн засах эмчилгээ хийлгэх нь нэн чухал гэдгийг санууллаа.

Ковидоор өвдсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг тухайн хүүхдэд илэрч байгаа шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилахуй гэдгийг тодорхойлох юм байна. Нийслэлийн хэмжээнд Эрүүл үрс, Хан Туул, Бяцхан тэмүүлэл гэх гурван төв байгаа юм. Мөн Сэргээн засах клиникийн эмнэлэгт хүүхдүүдийг хүлээн авахаар боллоо.