Нийгэм

Байгаль орчныг хамгаалах, тэр дундаа уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэдгийг хууль санаачлагчид хэлсэн. Гэхдээ бид дан ганц хуулинд өөрчлөлт оруулаад асуудлыг бүрэн шийдэхгүй. Хариуцлагатай уул уурхайг бий болгох, нөхөн сэргээлт явуулахдаа олон улсад ашиглаж байгаа технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Тэгвэл энэ асуудлыг шийдэх боломж өнөөдрөөс бий болж байна. Учир нь Манай улсад байгаль орчны судалгаа, шинжилгээ явуулах төв ашиглалтад орлоо. 

Газрын хэвлийг ухаж, байгалийн баялгийг нь авсан ч нөхөн сэргээлт хийгээгүй эзэнгүй орхигдсон 8300 га газар байна. Эдгээр газарт олборлолт явуулсан компаниудад хариуцлага тооцхоор БОАЖЯ болон цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна. Уул уурхайн салбарт гарч байгаа энэ мэт алдаа дутагдлыг арилгах, нөхөн сэргээлтийг зөв явуулах үүднээс манай улсад Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв шинээр нээгдэж байна. Энэхүү төвд мөн мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, аж ахуй нэгжүүдийг сургалтад хамруулах зэрэг олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион явуулах боломжтой юм.

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 5.8 сая ам долларын буцалтгүй тусламжийн төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон ажил хийгдсэн. Эдгээр ажлуудын нэг нь Байгаль, орчны судалгаа шинжилгээний төвийн барилгын ажил юм.

ЛИ ЁН ХУ - БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахад тус төв онцгой үүрэгтэй. Тухайлбал, бид тус төвийг ашиглаж байгаль орчны мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Хамгийн гол нь Монголын уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн бат бэх тулгуур болно гэж бид үзэж байна.

Байгаль, орчны судалгаа шинжилгээний төв нь нийт 2125 м2 талбайтай. Тус төвд сургалт, хөтөлбөр явуулах боломжтой мэдээллийн танхимтай. Мөн судалгаа,  шинжилгээ явуулах боломжтой юм.