Хүнсний ногоо хураалт 50 гаруй хувьтай үргэлжилж байна

Нийгэм

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат: "Энэ онд улсын хэмжээнд 420.2  мянган га-д үр тариа, 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-д тариалалт хийсэн. Одоогийн байдлаар Хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай, улаанбуудайнх 15 хувьтай байна гэсэн мэдээг орон нутгуудаас ирүүлж байна.

Энэ хэмжээг ноднин жилийн мөн үетэй харьцуулбал ижил түвшинд байна.

Бид нийт 589 мянган тонн улаанбуудай хурааж авна. Ингэхдээ цаг агаараас үүдэлтэй эрсдлээ тооцоод буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урьдчилсан баланс гаргасан. Энэ жилийн тухайд ургац хураалт 10 гаруй хоногоор оройтож байгаа. Энэ байдалтай холбоотой тариаланчид ангилан хадалтаар ургац хураалтаа эхлүүлсэн байна. Тэгэхээр ангилан болон шууд хураалтын ажил 15 хувьтай байна. Ер нь аравдугаар сарын 20 гэхэд ургац хураалтын ажил бүрэн дуусдаг. Энэ жилийн тухайд ургац хураалтын ажил 10 гаруй хоногоор хойшилж байгаа учраас арван нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусах болов уу. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн ургац хураалтад оролцож байна" гэлээ.