Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 10 дахин нэмнэ

Нийгэм

Нийслэлд ногоон бүс буюу ой мод бүхий 116 мянган га талбай байдгаас нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай 17 мянга га талбай байна. 

Уг 17 мянган га талбайг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх, ойжуулах ажлыг эхлүүлэхээр НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газраас тооцоо, судалгаа хийн ажиллаж байна. Ирэх жилдээ багтаан эхний ээлжийн 500-700 га талбайг нөхөн сэргээж, ойжуулах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Маш зөв санаачилга гарган, НҮБ-ын чуулганд эх орноо төлөөлж, ногоон Монгол болгохын төлөө зориг зүрхтэй томоохон ажлыг далайцтай эхлүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ талархаж байна. 2016  онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.1 ам метр байсан бол 2021 онд 5.6 ам метр болгон нэмэгдүүлсэн. Цаашид энэ хэмжээг 10 дахин тэлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар ажиллаж байна. Түүнчлэн дүүрэг бүрдээ томоохон үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг санаачлан, ирэх жилүүдийн төсөвтөө суулгаж байгаа. Бидний санаачлан, төлөвлөж буй ажлууд Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод хөтөлбөртэй уялдан, нэгдэн нийлж буйд туйлын баяртай байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын 48 мянган алба хаагч, 115 мянган аж ахуй нэгж, байгууллага, есөн дүүргийн удирдлагууд уг төсөлд хамтран оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэлээ.