ЦЕГ: Иргэн Д.Монголхүү хууль ёсны шаардлагыг удаа дараа зөрчсөн учир саатуулсан

Нийгэм

Иргэн Д.Монголхүүг цагдаагийн алба хаагчийн биед халдахыг завдсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй учраас саатуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа  гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Сүхбаатарын талбай руу хайрцагтай эд зүйл нэвтрүүлэхийг завдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэж тайлбарлалаа.

 

Иргэн Д.Монголхүүг цагдаагийн ерөнхий газраас төрийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулсан, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг удаа дараа эсэргүүцсэн, мэдүүлэг авахаар дуудахад хүндэтгэх шалтгаангүйгээр ирдэггүй гэх хэд хэдэн зөрчлийн улмаас хойшлуулшгүй саатуулжээ. Тэрээр жагсаал цуглаан хийх үеэрээ Сүхбаатарын талбай руу хайрцагтай эд зүйл цагдаагийн алба хаагчдад шалгуулалгүйгээр нэвтрүүлэхийг завдсан нь Нийслэлийн засаг даргын гаргасан журмыг зөрчсөн гэж үзжээ. 

Монгол улсын иргэн жагсаал цуглааны зөвшөөрөл авч тайван байдлаар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч иймэрхүү байдлаар ёс зүйгүй хандах нь жагсаал цуглааны тухай хуулийг зөрчиж байгаагийн илрэл гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.