Автомашины өвлийн дугуйны үнэ өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгджээ 

Нийгэм

Сүүлийн саруудад хил гааль дээр импортын бараа ачсан чингэлгүүд гацсанаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн.

Үүний зэрэгцээ өвлийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор автомашины өвлийн дугуйны үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин өсжээ.  Тээвэрлэлтийн зардал дугуй бүрд 150 юаниар нэмэгдсэн нь энэ өсөлтөд нөлөөлсөн болохыг худалдаа эрхлэгчид ярьж байна. Мөн шинэ дугуй тэр бүрчлэн гаалиар орж ирэхгүй байгаа нь нөхцөл байдлыг ийнхүү хүндрүүлж байгаа талаар "Өгөөмөр" захын худалдаачид хэлж байсан юм. 

Манай улсад түгээмэл байдаг "Приус-30" маркийн автомашины дөрвөн дугуйг өнгөрсөн онд 240 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол энэ жил 500 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна.  Мөн "Приус-41" маркын автомашины 215.65.16 хэмжээтэй дугуй өмнөх оны мөн үед ширхэг нь  50 мянган төгрөг  байсан бол одоо 100 мянган төгрөг болжээ. 

Өвлийн улиралын дугуйн эрэлт их ч олдоц маш бага байгааг худалдаачид хэлж байсан юм.