Афганистанд хоол хүнсний хомсдол үүсчээ

Үйл явдал

Афганистаны засгийн эрхэнд Талибаны бүлэглэл гарснаас хойшхи хугацаанд энэ улсад бүх зүйл өөрчлөгдөөд байна. Хэдийгээр энэ улсад сүүлийн 10-аад жилийн хугацаанд нэг л зүйл өөрчлөгдөөгүй нь талхны үнэ гэж байгаа ч өнөөдөр Афганистан улс хоол хүнсний дутагдал гачигдалд автжээ.

Афганистанд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш бараг хоёр дахин нэмэгдээд байна. Өмнө нь 50 кг гурил 1,800 афганигаар авдаг байсан бол өнөөдөр 2,450 болж өссөн талаар иргэд нь ярьж байна. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээс гадна эрчим хүч, ахуйн хэрэглээний хийн үнэ ч өсчээ.

Иргэд цалин мөнгөө хугацаанд нь авч чадахгүй байгаагаас өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж байгаагаа ярьж байна. Афганистаны засгийн эрхэнд Талибаны бүлэглэл гарсны дараа энэ улсад эдийн засгийн хямрал бүрэн утгаараа нүүрлэжээ. Афганистан гадны улс орнуудаас авч байсан жилийн 8 тэрбум долларын санхүүгийн дэмжлэгээ алдаж, гадаад улс орнууд дахь дансаа мөн царцаагаад байна.

ОУВС-ийн тооцоогоор Афганистанд ойрын саруудад ДНБ-ий хэмжээ 30%-иар буурах төлөвтэй байгаа юм. НҮБ, Афганистанд үүсээд байгаа хүмүүнлэгийн гамшгийг хүнд хэцүү гэж нэрлэн, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тайланд энэ улсын 23 сая иргэн өлсгөлөнд автаж болзошгүй гэж болгоомжилж байгааг тусгажээ.