АНУ-ын уриалгыг хүлээж аваагүйгээс дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ дахин нэмэгдлээ

Үйл явдал

Дэлхийн Нефть экспортлогч улс орнуудын нийгэмлэг буюу ОПЕК болон ОПЕК-т нэгдэгч улс орнууд АНУ-аас санал болгосон нефтийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Улмаар үүнээс шалтгаалан дэлхийн таваарын зах зээл дээр хар алтны үнэ дахин нэмэгдсэн байна. 

ОПЕК болон ОПЕК-т нэгдэгч улс орнууд нефтийн бүтээгдэхүүний олборлолтоо зах зээлийн эрэлт хэрэгцээнд тааруулан аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгджээ. Түүнээс аль нэг улс орон хүсэлт тавьсны зоргоор олборлолтоо шууд нэмэгдүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Тэгвэл ОПЕК-ийн энэ мэдэгдлийн дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ ханш 1%-иар нэмэгджээ. АНУ-ын тэргүүн Жо Байден нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас ОПЕК-ийн орнуудад хандан олборлолтоо нэмэгдүүлэх санал тавьсан ч татгалзсан хариу авсан байна.

ОПЕК цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрэлт хэрэгцээ буурсантай холбоотойгоор олборлолтоо багасган, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хязгаарлаад байжээ. Гэсэн ч улс орнуудад эдийн засаг сэргэж эхэлснээр эрэлт дахин сэргэж, газрын тосны үнэ өсч байгаа юм.