Музейн үзмэрүүдийг технологийн хөгжилд нийцүүлэн виртуал болгох хэрэгтэй

Нийгэм

Манай улс музейн сан хөмрөг арвинтай, түүхийн үнэт өв ихтэй улс. Гэтэл цаг хугацааны эрхээр музейн үзмэрүүд гэмтэх, хадгалалтын горим алдагдах зэргээр эрсдэл үүсч байна.

Харин эрсдэл үүсэхээс өмнө виртуал хэлбэрт шилжүүлэн хадгалан авч үлдэх, удаан хугацаанд үр хойчдоо өвлүүлэн үлдээх боломж бүрдэж байгааг албаныхан хэлж байна. Салбар яам ч энэ тал дээр анхаарч ажиллаж байгааг онцоллоо. 

Музейн үзвэр олон жилийн насжилттай, соёлын үнэт өв учир чанар, стандартын шаардлага хангасан, нарийн технологитой  орчинд хадгалагдах ёстой. Гэтэл манай улсад энэ байдал алдагдах тохиолдол их. Музейн байгууламж ч мөн тусгай объектод хамаардаг. Гэтэл музейн барилгыг буулгах, нүүлгэн шилжүүлэх зэргээр үзмэрт хайр гамгүй хандах тохиолдол байдаг.

Тэгвэл эдгээр эрсдэлээс сэргийлэх хамгийн тохиромжтой арга виртуал музейн хэлбэр болоод байгаа юм. Ингэснээр музейн үзмэрийг он удаан жил анхны хэвээр нь хадгалан үр хойчдоо үзүүлэх, элдэв гэмтлээс сэргийлэх чухал шийдэл гэдгийг албаныхан онцолж байна.  

Музейн үзмэрийг тодорхой хэмжээгээр амраах шаардлагатай байдаг гэдгийг судлаачид хэлж байна. Гэтэл манай улсад тасралтгүй үзэгчдэд толилуулж байгаа нь үзмэр хурц гэрлийн туяанд гэмтэх эрсдэл болдог байна. Энэ мэтчилэн олон эрсдэлүүд үүсдэгээс гадна орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай байгаа юм. Манай улсад цөөн тооны үзмэрийг виртуал хэлбэрт шилжүүлсэн байдаг. Соёлын сайд ч энэ чиглэлд анхаарч музейн үзмэр, сан хөмрөгийг виртуалд шилжүүлэх  бодлого барьж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.