Нийгэм

Сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд барьцалдуулагч бодис байдаг.  Уг бодисыг манай улс урд хөршөөс импортолдог юм. Гэтэл энэ бодис тасрах эрсдэл үүсчээ. Учир нь Хятад улсын зарим мужуудад коронавирусын улмаас хөл хорио тогтоож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.  Өнөөдрийн байдлаар шахмал түлшний барьцалдуулагчийн 14 хоногийн нөөц байгаа учраас өөр улс орноос авах санал гараад байна.   

Сайжруулсан түлшний гол түүхий эд болох барьцалдуулагчийг үйлдвэрлэдэг БНХАУ-ын зарим мужид халдварын тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоогоод байгаа. Үүнээс үүдэж түүхий эд бэлтгэн нийлүүлэх ажилд тодорхой хүндрэл гарах эрсдэл үүсээд байна.

БНХАУ-аас сайжруулсан түлшний түүхий эд болон утаа мэдрэгчийг импортоор авдаг. Хэрэв цаашид нийлүүлэлт зогсож, одоо байгаа нөөц дуусвал тодорхой хүндрэл гарна. Өөрөөр хэлбэл, Нийслэлчүүдийн өмнө 5-р сарын 15 буюу дулааны улирал хүртэл нөөцөө бүрдүүлэх, бэлтгэлээ хангах ёстой юм. Энэ асуудлаар мөн улсын онцгой комиссын хурал дээр тодорхой саналыг гаргаж, өөр улсаас түүхий эд авахаар судалж эхэлжээ.